2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛАА ИРГЭДДЭЭ ТАЙЛАГНАЛАА
Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсээс 2019 оны эхний хагас жилд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлаа иргэддээ тайлагнах, санал хүсэлтийг хүлээн авах уулзалтыг өнөөдөр /2019.07.05/ зохион байгууллаа.
Уулзалтанд Хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар, Дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ю.Дэмбэрэлсайхан, Захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа О.Орхон, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа А.Гэрэлт-Эрдэнэ, Нийслэлийн цагдаагийн газрын Санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Л.Цацрал, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны Засаг дарга Д.Очгэрэл, 14 дүгээр хорооны Засаг дарга Х.Эрдэнэтуяа, мөн хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга Д.Оюунчимэг, 16 дугаар хорооны Засаг дарга Б.Ууганбаяр, 29 дүгээр хорооны Засаг дарга Ш.Энхболд нар болон бусад албаны хүмүүс, иргэдийн төлөөлөл нар оролцов.
Уулзалтын эхэнд тус хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатараас эхний хагас жилд хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийж, гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн оролцоо чухалыг онцоллоо.
Мөн арга хэмжээний үеэр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхи санаачлагтай ажилласан тус дүүргийн 13 р хорооны хэсгийн ахлагч Д.Батчимэг, 17 дугаар хорооны хэв журмын урамшилт эргүүл Д.Цэрэндэжид, 23-р хорооны олон нийтийн цагдаа Д.Тэгшжаргал нарыг хэлтсийн даргын "Өргөмжлөл"-өөр шагнасан юм.
Энэ оны эхний хагас жилд тус хэлтэс нь хариуцсан 12-17, 23,29,30,31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн, аж ахуйн нэгж, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 3627 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгасаны 1451 буюу 40.0 хувь нь гэмт хэргийн, 2126 буюу 58.6 хувь нь зөрчлийн шинжтэй байна. Хүлээн авсан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийн 3577-г шийдвэрлэсэн ба шийдвэрлэлт 98.6 хувьтай байна.